Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Тоглолт > дэлгэрэнгүй

Монгол наадгай: Шагай

Нийтэлсэн огноо:2016-12-09  Хандалт:3989  Эх сурвалж:Үндэстэн.мн, Шуурга.мн  

    Эрт цагаас өнөөг хүртэл уламжлагдан ирсэн Монгол үндэсний наадгайн нэг бол шагай. Шагайн наадгай бол нүүдэлчдийн үе үеийн амьдрал, ахуйдаа туүлгуурласан тоглох арга, агуулга хэлбэрийн хувьд төгс боловсон оюуны соёлын чухал өв билээ. Монголчуудын тоглоом наадгай нь тэдний амьдралын гол сурвалж мал аж ахуй, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үлгэрчлэн харуулсан, хүүхдэд хөдөлмөр ёс суртахууны хүмүүжил олгодог талаараа онцлогтой.

Амьтны шаант ясны нарийн үзүүрт орших жижиг цул ясыг шагай гэнэ\зарим газар шаа гэнэ\. Малын шагайн алц, таа, бөг, цөг гэсэн нэрийг манай Монгол түмэн хонь, ямаа, морь, тэмээ хэмээн нэрийдэж, үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлэхийн үүднээс шагай зориуд засч тоглоом болгон ашиглаж ирснээ оньсголсон байна. Шагайн наадмын агуулга, төрөл хэлбэрийг илэрхийлсэн үгээр Монгол хэл баялаг. Тухайлбал:

“Эрхийн чинээ биетэй

Эрдэнийн дөрвөн талтай” хэмээн шагайг Монгол адын оньсогонд зүйрлэн өгүүлсэн бий.


Шагайн наадгайн олон төрөл байхаас гадна нутаг нутгийн хэллэгээр өөр байдаг.Үүнд:

Халхууд:  Хонь, Ямаа, Морь, Тэмээ, Хонх

Тувачууд: Хой, Ешиг, Ат, Сыир, Түйе гэх зэрэг

Өвөр Монголд: Хонь, Ямаа, Морь, Тэмээ, Мянга, Түм гэх зэрэг юм.

Шагайн наадмын төрөл хэлбэрээс дурьдвал, шагай харвах нь нум сумаар харвахын гэрийн сургууль юм. Шагай таалцахыг тоо бодлогод суралцахын дасгал гэлтэй. Хэлбэр, хэмжээ, төрөл зүйлээс нь хамааран шагайг өөрөөр нэрэлхийн зэрэгцээ шагайн харваанд хэрэглэгддэг зарим үгийн тайлбарыг дурьдвал:

Аргай. Гөрөөс, үхэр мэтийн том амьтны шагайн нэр \үхрийн аргай\

Аргалцаг. Төмөрлөгийн зүйлээр цутгаж хийсэн шагай.

Халцмай. Алц туухайг билүүдсэн шаахай

Туухай. Шагайны морины этгээд

Цэг. Шагайны гэлэргэн этгээд тал, бууг цэг няслах

Бөг.\бүг\ Шагайны түрүүлгэн этгээд, зарим газар хонь, зарим газар ямаа гэнэ

Сах. Шагай харвах сум, голдуу шагайг нүхэлж тугалга цутгаж хийдэг

Шах. Шагай харвахад өөр өөрийн эзэлсэн тэмдэгт шагай

Сум тавих. Сум харвах

Сум солих. \тэнэх\ Байг онохгүй сум тэнэх

Сумаа угаах. Онохгүй алдах

Дуг буюу зурхай мөргөх. Урьд харвасан сумны оносон газарт дараа харвасан сум тусах

Дэвхлэх буюу сэнсдэх.Тэмдэгт газраас сум давж тусах

Цөхлийтөх. Шагайг хуруугаар хавчиж алд босгон орхих

Шагайн тойром. Шагайчид цугларч наадам хийх газар\ энд тамхи татах, алцайж суух зэргийг цээрлэж, багийн ахлагч болон ахмад настанг гүнээ хүндэтгэж, тэдэнд захирагддаг журамтай\.

Шагай засах. Шагайг цэвэрлэж додомдох \мөлжих гэдэггүй\

Шагайн наадгайн төрөл. Алаг мэлхий

Монголчууд битүүний өдөр алаг мэлхий тоголдог уламжлалтай. Тиймээс алаг мэлхий хэрхэн өрөх талаар сонирхуулая. Эртний уламжлалт энэ тоглоомоор хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг. Тухайлбал:

Мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэхмэтчилэн өрдөг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэнд буцаан авч тоголдог уламжлалтай.

Тоглох журам: Алаг мэлхийг өрж дүрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино. Хэрэв шоо 2 нүхээрээ буувал тэр хүнд 2 нүд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна. Нөгөөдөх хүн шоог зургаа нүдээр нь буулгавал хүзүү нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна. Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дүрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхүү дууссан эрхтний шоо буувал шооны нүхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хүн авсан шагайнаасаа нөхөж тавьдаг. Хамгийн олон шагай авсан хүн хожно.

Шагайн наадгайгаар наадах ач холбогдол хүн бүхэнд ил тод, ойлгомжтой боловч олон хүмүүс тэр бүр анзаардаггүй.

 Үүнд:1.  Хараа сайжруулна

 2.  Сууж сурна

3.  Тэсвэр хатуужилтай болно.

4.  Хожиж, хожигдож сурна.

5.  Арга ухаан нэмэгдэнэ.

6.  Дуугүй байж сурна. Жишээ нь “Дуугүй долоо” энэ наадгайн үеэр үг дуугаралгүй хожтлоо тоглодог.

7.  Хүндлэл үзүүлж сурна. Насны эрэмбэ дарааллаар болон тойргоор тоглох тул бусдыгаа тоглож дуустал хүлээх хэрэгтэй болно.

8.  Авхаалж самбаа, хурд нэмэгдэнэ. Үүнд шагай шүүрч тоглох наадгайг хэллээ. Гарын ур дүй сайжрана.Нэг байрнааса хөдлөлгүй ижлээр буусан гарын эвээр няслах зэрэг олон чадварыг бид энгийн нэгэн Монгол наадгайгаас суралцах боломжтой.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码