Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Өнөөдрийн мэдээ > дэлгэрэнгүй

Арван хоёр жилийн бэлгэдэл ба Арван хоёр цаг

Нийтэлсэн огноо:2017-01-24  Хандалт:5237  Эх сурвалж:Ч.Буянбадрах "Монгол орны лавлах"  

Монголчуудын өвөг дээдэс болох Хүннү нар анх 12 жилийн тооллыг зохиожээ. Хожим Хятадын Хань улс авч хэрэглэснээс цааш Япон, Солонгос, Вьетнам зэрэг Азийн орнуудад дэлгэрчээ. Хүннүчүүд нар, салхи, шуурга, цас, бороо, аянга, үер, ган гачиг зэрэг байгалийн элдэв үзэгдлийг нар сарны эргэлттэй нарийн холбон цаг улирлыг ажиглаж иржээ.

Тэрхүү ажиглалтынхаа үндсэн дээр жилийг дөрвөн улиралд хувааж, дөрвөн улирлаа 12 сар болгон хувааж өөрсдийнхөө амьдралд ойр байдаг, эсвэл шүтэж биширч ирсэн амьтдынхаа нэрээр нэрлэжээ. Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм. Дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, усыг таван махбодь гэж нэрлэдэг. Эдгээр таван махбодийг өнгөөр төлөөлүүлж өргөн хэрэглэдэг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Таван махбодио эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, шарыг эр, шарагчныг эм, цагааныг эр, цагаагчныг эм, харыг эр, харагчныг эм гэж тоолно. Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг. Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг. Нэг жаранд 30 эр, 30 эм жил байна. Энэ он тоолол заавал хөх хулгана жилээр эхэлдэг. Монгол зурхайд арван хоёр жил чухал үүрэгтэй. Зурхайн ёсоор ивээл жилүүд гэж байдаг. Бар, нохой, морь гурав ивээл, хулгана, луу, бич гурав ивээл, үхэр, могой, тахиа гурав ивээл, гахай, хонь, туулай гурав ивээл жилүүд юм. Үүнээс гадна жилийг зөөлөн, хатуу гэж хоёр хуваадаг. Хулгана, үхэр, туулай, могой, хонь, бич, тахиа долоо зөөлөн жил, бар, морь, луу, нохой, гахай тав хатуу жил юм. Монгол хүмүүс гэрлэх, үс авах, нас барсан хүнийг оршуулах зэрэг бүх зүйлд тэр хүннй төрсөн жил, сар, өдөр, цагийг хардаг. Энэ их чухал зүйл юм. Зөөлөн, хатуу жилтэй хүмүүс гэрлэвэл муу гэж үздэг. Харин хоёр хатуу, хоёр зөөлөн жилтэй, ивээл жилтэй хүмүүс гэрлэвэл сайн гэж үздэг байна. 12 жилийн бэлгэдлийг тоочвол:

Хулгана жил өнөр өтгөн, өсөж үржихийг

Yхэр жил элбэг дэлбэг байхыг

Бар жил зоригтой, авхаалж самбаатай байхыг

Туулай жил цог золбоо, дөлгөөн сайхан байхыг

Луу жил хүчирхэг байдал, хүндэтгэл, баяр баясгаланг

Могой жил зөн билэг, зүүд совинг

Морин жил хурд хүч, эрдэм мэдлэгийг

Хонин жил өнөтэй, урин дулаан байдлыг

Бичин жил хөгжил хөдөлгөөн, овсгоо самбааг

Тахиа жил гоёмсог бардам, өрнүүн явахыг

Нохой жил хайр халамж, үнэнч шударга байдлыг

Гахай жил шулуун дардан, эргэлт буцалтгүй байдлыг илэрхийлнэ.

 

Мөн өдрийг арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэжээ.

Луу - нар мандах 7.40-9.40
Могой - нар хөөрөх 9.40-11.40
Морь - үд дунд 11.40-13.40
Хонь - үд хэлбийх 13.40-15.40
Бич -нар орохын урд 15.40-17.40
Тахиа -нар орох (жаргах) 17.40-19.40
Нохой -үдэш бүрийд 19.40-21.40
Гахай -од гарсан хойно 21.40-23.40
Хулгана - шөнө дунд 23.40-01.40
Үхэр - шөнө дундын хойно 01.40-03.40
Бар - гэгээ шарлах 03.40-05.40
Туулай - үүр цайх 05.40-07.40

Редактор:Оюунаа
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码