Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Бусад > дэлгэрэнгүй

Хөндлөн бишгүүр \лимбэ \

Нийтэлсэн огноо:2017-01-09  Хандалт:2530  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

Монголчууд бидний эрт үеэс хэрэглэж ирсэн хөгжмийн зэмсгүүдийн дотроос хамгийн эртнийх нь цоор буюу цуур хөгжим бөгөөд хонь хургачин багачууд уйтгараа гаргахын тулд цоороо элдэв янзаар хэрчин нүхэлж үлээдэх болсон нь явсаар лимбэ, бишгүүр хоёр болон хөгжиж түүгээрээ галбингаа шувууны дууг дууриан дугаргаж чадсан хэмээх домог байдаг.          Лимбэ буюу Хөндлөн бишгүүр нь Монгол үндэстний эртний үлээвэр хөгжмийн зэмсгийн нэг юм. Лимбэ нь Түвд гаралтай үг бөгөөд Түвдээр: Глингву хэмээдэг байна. Лимбийг хонь хургачин хүүхдүүд хөдөө хээр хаа сайгүй тохиолддог, тарвага зурамны нүх бүхий товгор газар ургадаг гишүүний (цооргоно) хатсан голд нүх гарган үйлдэж үлээн тоглодог байснаас лимбэ үүссэн гэдэг. Гажидын Бадрах агсан Монголын хөгжмийн түүх номондоо хэд хэдэн бишгүүрийн тухай дурьдсаны дотор хөндлөн бишгүүр гэсэн хэсэгт, энэхүү хөгжмийн зэмсгийг хулсаар үйлдэнэ. Урт нь нэг тохой найман ямх, зүүн тал дор нэг нүх нь үлээх нүх байна. Дараах нэг нүхэн дор хулсны хальс наах нүх болно. Баруун гар тал дор зургаан нүх буй нь эгшиг ялгаруулах болой. Энэхүү хөгжмийн зэмсгийг лимбэ хэмээмой гэжээ

    Лимбийг гол төлөв хулсаар үйлддэг байсан бол хожим төмөр, өнөө цагт хуванцараар үйлдэх болжээ. Лимбэний толгой талд богино залгаа хийж, хөгийг нь тааруулах хийгээд лимбийг урт богино хэдэн янзаар үйлдэж, дээд нүхний хажуу талд беммоль-диезны тэмдэг тавьж, тоглогч тухайлсан нэг хөгжмөөр тоглож, зохиолын хөг солигдоход ашигладаг байна. Лимбэ нь их, дунд, бага гарын гэх гурван янз байх бөгөөд Их гарын лимбэ нь 1-р наймцын ми-бемолиос 2-р наймцын сибемоль хүртэл,  Дунд гарын лимбэ 1-р наймцын сибемолиос 3-р наймцын сибемоль хүртэл, Бага гарын лимбэ нь 1-р наймцын фа-гаас 3-р наймцын фа хүртэл цар хүрээтэй дуугарах ажээ.

    Лимбэний дууны өнгө аялгуу нь доод чалхандаа ялдам зөөлөн, дүүрэн уянгалаг, дээд чалхандаа шингэн исгэрэн уянгалах нь шувуудын жиргээг санагдуулам хийгээд уран гоё нугалаа дүрслэлийг илэрхийлдэг. Гоцлол, цөөхүүл, найрал хөгжмийн алинд ч дээд хоолойн үүргийг гүйцэтгэнэ. Ялангуяа уртын дуутай найрсан эгшиглэх нь гойд бөгөөд, нарийн дээд хоолойд нөхөн дуурсах нь олонтой байдаг. Энэ чанараараа тоглогчоос битүү амьсгаагаар тоглохыг ур дүйг шаардаг.

    Битүү амьсгаа нь Монгол лимбэчид уртын дуу хөгжимдөхөд хэрэглэдэг амьсгаа буюу амьсгаа авж таслахгүйгээр тасрарлтгүй үлээх арга техник  юм. Монгол лимбэчид битүү амьсгаагаар хөгжимдөхдөө хацрын хөдөлгөөн оролцуулдаггүй бөгөөд хэлний уран хөдөлгөөнөөр амьсгаануудыг хооронд нь холбож чаддаг. Өөрөөр хэлбэл нэгэнт авсан амьсгаагаар үлээх зуур амны хөндийд байгаа хийг хэлээр шахан даралт үүсгэж түүгээрээ эгшгээ үргэлжлүүлэн дуугаргах явцад хамраар амьсгаа авна. Чухам яг энэ агшинд амны хөндийд буй эгшиг дуугаргаж байгаа хийн даралтын хэмжээг зохих түвшинд хадгалах замаар хамраар авсан амьсгаатайгаа холбодог. Энэ нь огт тасалдалгүй үйлдэл болох бөгөөд хөгжимчнөөс өндөр ур чадвар шаарддаг.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码